Г. Батхуяг: ЯВАХ АНГИЙГ НЬ ШАГАЙЖ ХАРААД ЭНЭ Ч ЁСТОЙ МАШИН ЮМ АА ГЭДЭГ

 

 

 

 

      Энэ залуу бол “Бридж” ХХК-ийн борлуулалтын менежер Г.Батхуяг. Тэрбээр автомашины борлуулалтын менежерээр орж одоо 10 дахь жилдээ ажиллаж буй. Тиймээс бүтээгдэхүүнээ нэг нэгэнгүй мэддэг туршлагатай зөвлөх болжээ. Түүний хэлснээр олонх худалдан авагчид автомашин худалдан авахдаа алдаа гаргадаг. Автомашины худалдаа эрхэлдэг байгууллагууд ч бүтээгдэхүүнээ худалдахаа бодохоос хэрэглэгчийн эрх ашгийг хангах тал дээр дутуу ажилладаг аж. “Бридж” групп 100 гаруй жилийн түүхтэй Япон брэнд Сүзүки автомашины албан ёсны төлөөлөгчөөр ажилласан 17 жилийн туршлагатай. Одоо автомашины худалдааг засвар үйлчилгээтэй нь хослуулан үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, автомашин худалдах, урсгал засвар, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж  хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлдэг юм байна. Г.Батхуягтай цөөн хором ярилцлаа.

-Танайх “Сүзүки” фирмийн ямар загваруудыг худалддаг вэ?

-Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Сүзүкигийн үе үеийн олон загварыг Монголын зах зээлд нийлүүлж ирсэн. Одоогоор манайд Сүзүки “Гранд Витара”, Сүзүки “Жимни”, Сүзүки “Кизаши” гэсэн загварууд байгаа.

-Шууд үйлдвэрээс нийлүүлдэг гэсэн байхаа?

-Манайд худалдаалж байгаа автомашин бүгд энэ онд үйлдвэрээс гарсан шинэ загвар байгаа.

-Танай Сүзүки “Жимни” загварыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ унаж олон таниулсан. Аваргыг ийм сонголт хийсэн олон хүн гайхсан гэж болно. Ер нь Сүзүки “Жимни”-гийн давуу  тал нь юу вэ?

-Энэ их олон давуу талтай автомашин. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаатай холбоотой төрийн болон бизнесийн байгууллагууд, хувь хүн  бүгд л хэмнэлтийн горимд шилжих болсон. Гэхдээ хэмнэж байна гээд автомашинаас татгалз гэсэн үг биш л дээ, зөв хэмнэлтэд шилжих нь чухал байгаа юм. Том оврын автомашинтай албан газар, хувь хүний автомашины өндөр зардал нь нэлээд сэтгэл зовоосон асуудал болж байгаа. Энэ асуудлыг Сүзүки “Жимни”-гээр шийдэж болно. Аваргын хувьд үүнийг төрийн түшээдэд уриалж манай бүтээгдэхүүнийг  сонгосон болов уу. Нөгөө талаар “Жимни” бол гадуур ажил хөөцөлддөг менежерүүдэд маш тохиромжтой унаа. Хот болон хөдөө гэсэн хоёр нөхцөлд “Жимни”-гийн давуу тал хэмнэлтийг хэлж өгье л дөө. Хотод бид ажил хөөцөлдөөд гарахаараа нэг юмуу хоёр хүн л явдаг зарим тохиолдолд гурав хүн. Тэгэхээр гурван хүн шатахуун их зарцуулдаг том оврийн жийп машинд суугаад хотын энэ их түгжрэлд өдрийн ихэнх цагийг зам дээр үр бүтээлгүй түгжирч өнгөрөөх үү гэдэг асуудал байна. Нэг албан газрын үүдэнд очоод зогсох зогсоол олдохгүй тохиолдол маш их. Яг энэ нөхцөлд Сүзүкигийн “Жимни” загвар нь дөрвөн хүн чөлөөтэй суучих нь, овор хэмжээ бага учраас түгжрэлд зай завсраар гараад явчихна, шатахуун бага зарцуулна, зогсоолын зай талбай бага эзэлнэ гээд давуу талууд байна. Мөн хөдөө орон нутгийн замд хүн бүр л найдвартай автомашинаар зорчихыг эрмэлздэг. Бидний зорьсон газар тэр болгон засмал замын хажууд ч юм уу амар хялбар замаар очих боломжгүй байдаг. Ийм тохиолдолд “Жимни” шулуун замд маш бага шатахуун зарцуулна, туулах чадвар маш өндөр тэнхлэг хооронд зай, дугуй хоорондын зай ойрхон. Тиймээс баргийн сааданд тулна гэж байхгүй өөрийн жин бага, мост хүндрүүлэгчтэй болохоор шавар, элс, сул хайрга өндөр даваа гүвээ гээд байгалийн аливаа бартаа саадыг давахад хялбар байдаг. Ингээд бодохоор эрч хүчтэй  эдийн засагт хэмнэлттэй олон давуу талтай автомашин байгаа юм.

-Танай рекламыг үзэж байхад, JAPAN 69 гэсэн нэр содон санагдсан үүнийхээ талаар тайлбарлаач?

-Биднийг хүүхэд байхад монголчууд ихэвчлэн Оросын автомашинуудыг унаж хэрэглэдэг байсан.  Тэр дунд УАЗ 469 маркийн автомашин бат бөх, туулах чадвар өндөртэй машин гэдгийг хүн бүр л мэдэх байх тэр үүднээс бид Жимнигээ JAPAN69 гэж нэрлэж рекламддаг, яг л Уаз-469 загварын  адил бартаа саадыг даван туулна гэсэн утгатай юм. Мөн Уаз-469, Ланд Крузер-80 гэхээр хүний толгойд туулах чадвар сайтай бат бөх гэсэн ойлголт шууд буудаг. Гэтэл “Жимни” нь явах ангийн тал дээр яг л дээрх автомашинуудтай адил  раман дээр суурилсан  урд хойд тэнхлэг нь чулок буюу хамаарах тэнхлэгтэй, туулах чадвар нь дутахгүй хирнээ шатахуун бага зарцуулдгаараа давуу талтай юм.  Заримдаа хуучны жолооч, машин мэддэг хүмүүс орж ирээд “Жимни”-гийн явах ангийг нь шагайж хараад энэ ч ёстой машин юм аа гэж хэлдэг шүү. Тэр үед ийм автомашин худалдаж байгаадаа бахархах сэтгэл төрдөг юм.

-“Жимни”-гийн  түүх уншигчдад маань сонин байх? 

-“Жимни”-гийн түүхийг судалж үзэхэд, 1968 онд Сүзүкигийн инженерүүд бартаат замыг туулах гайхалтай чадвартай автомашин бүтээх шинэ санаа орж ирснээр анхны 360сс-тэй HopeStar ON360 нэртэй загвар гарч байсан юм билээ.  Тэр цагаас хойш үзүүлэлтийг нь нэмэгдүүлэх зорилгоор  маш олон туршилт шалгалт алдааны явцад их хэмжээний мэдээлэл цуглуулж чадсанаар янз бүрийн замд, янз бүрийн цагт жолоодож болох өнөөгийн “Жимни”-г бүтээсэн түүхтэй. Хөгжлийнхөө явцад гурван нэр сольсон ба манай Монголчууд “Самурай” нэрийг нь сайн мэдэх байх. 1998 оноос “Жимни” нэрээр гарч эхэлсэн.

-Сибирийн нөхцөлд зориулан үйлдвэрлэдэг гэж дуулсан юм байна. Тэгэхээр манайд зориулсан гэж ойлгож болох уу?

-Тиймээ, та манай автома-шины ашиглалтын дэвтэр бусад пайз танилцуулгийг харвал орос хэл дээр байгаа. Зарим хүмүүс Орост үйлдвэр-лэсэн юм уу гэж асуудаг. Манайд худалдаалдаг Сүзүки автомашины загварууд ОХУ, Сибирийн нутаг дэвсгэрт зориулж Японд үйлдвэрлэсэн автомашинууд байдаг. ОХУ-ын цаг агаарын онцлог нь манай орны цаг агаарын байдалтай нэлээд ойролцоо, төстэй хүнд ширүүн байдаг. Тийм учраас  тэр бүс нутагт зориулж үйлдвэрлэсэн автомашин нь илүү зохилдлогоо сайтай байдаг. Гэхдээ бас анхаарах зүйл байна, хүйтэнд тэсвэртэй гээд хасах гуч дөчин хэмийн хүйтэнд машинаа олон цагаар орхиж болохгүй. Автомашин ашиглах журам гэж байна, хүйтний нөхцөлд зориулалтын тос тосолыг хийх, дулаан газар хадгалах, тийм боломжгүй бол тодорхой цагуудад халааж хөдлөхдөө автомашины моторын заалтыг нормалд очтол нь бүрэн халаасны дараа хөдлөх зэргээр автомашинаа хайрлаж хамгаалах хэрэгтэй.

-Сүзүки фирм энэхүү загварыг хэрхэн хөгжүүлж, содон байдлыг нь хадгалж байна вэ?

-Сүзүки Жимни нь Японы Олон улсын Худалдаа, үйлдвэрийн яамнаас шалгаруулдаг “Good design long life design award” буюу (Урт настай шилдэг дизайн) шагналыг 2008 онд авч байсан. Энэ нь урт хугацаанд загвар хийцээ өөрчлөлгүйгээр хэрэглэгчдийн таашаалд нийцэж борлуулалт өндөртэй байсан автомашинд өгдөг шагнал юм. “Жимни” нь дөрвөн дугуйтай төмөр хүлгийн хамгийн өндөрт гарсан рекордыг эзэмшдэг. 1986 онд үйлдвэрлэсэн Suzuki Samurai автомашинаар далайн түвшнээс дээш 6688 метрийн өндөрт Ojos del Salado ууланд гарч дэлхийд хамгийн өндөрт гарсан автомашин гэдгээр  нь Генисийн номонд бүртгэсэн байдаг.

-Засгийн газраас задралыг хэмнэх зорилгоор төрийн албанд ашиглаж байгаа том оврын жийп автомашинуудыг хураах, бага оврын шатахуун бага зарцуулдаг автомашинаар солих шийдвэр гарч байсан. “Жимни” тэр шалгуурт хэр нийцэх вэ?

-Нийцэх газраа нийцэх л байх. Миний бодлоор Цагдаагийн байгууллагын эргүүлийн  автомашинд илүү нийцэх юм шиг харагддаг. Учир нь цаанаас тавьж өгдөг шатахууны хэмжээ тийм ч хангалттай байдаггүй юм билээ.  Тэгэхээр бага шатахуунаар хол явах тал дээр тохирч байгаа юм. Мөн  эргүүл хийж байгаа цагдаа нарыг харахад машиндаа тийм ч олуулаа биш харагддаг, ер нь хоёр л цагдаа байдаг. Хамгийн том үзүүлэлт нь манай Улаанбаатар хотын ихэнх хүн амын оршин суугаа газар гэр хороолол хотыг тойрсон уул толгод руу авирч амьдарсан байдаг. Аль нэг газар дуудлага өгөхөд машинууд нь түргэн шуурхай очиж чадахааргүй бартаа саад ихтэй замууд зөндөө байдаг. Энэ бүх асуудлыг хямд үнэтэй, бат бөх, шатахуун бага зарцуулдаг туулах чадвар өндөр Сүзүки “Жимни” автомашинаар шийдэх боломжтой гэж хардаг.

-Танай компанийг хэрэглэгчиддээ иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг гэж дуулсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Автомашины диллер байхын нэг гол шалгуур баталгаат засварын газар мэргэшсэн инженер засварчин, тоног төхөөрөмж байдаг. Энэ жишгээр манайд олон жил Сүзүки автомашины засвараар дагнаж ажилласан Японд Сузүкигийн үйлдвэрт дадлага хийж туршлагажсан инженер засварын баг хамт олон ажилладаг болохоор энэ тал дээр санаа зовох зүйлгүй байдаг. 

-Манайх үйлдвэрлэгчээс бүх төрлийн оригинал сэлбэгийг захиалгаар хурдан шуурхай нийлүүлдгээс гадна  бэлэн сэлбэгүүд ч манай дэлгүүрээр худалдаалагдаж байгаа. Саяхныг хүртэл Сүзүки автомашины хуучин сэлбэг гадуур олдоц муутай байсан. Одоо бол зарим газраар байдаг л байх. Гэхдээ нэг зөвлөгөө хэлэхэд та машиндаа сэлбэг авах гэж байгаа бол хуучин хуурамч  биш шинэ оригинал найдвартай баталгаатай сэлбэг авах хэрэгтэй. Шинэ сэлбэг нь хуучныг бодвол үнийн зөрүүтэй ч эргээд таны амь нас эд хөрөнгөтэй холбоотой зүйл учир албан ёсны төлөөлөгчийн газраар үйлчлүүлж байгаарай.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин.  /5р нүүр/

 

2015он 10сарын 15ний өдөр

 

 

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.