Ц.Сэдванчиг: Татварын торгуулийн дарамтад орсон хүмүүс Эдийн засгийн өршөөлийн хуулийг хүлээж байна.

 

      “Бридж групп” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигтай Ил тод байдлын тухай болшон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

     -Өнөөдөр манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгааг хэн хүнгүй харж, мэдэрч байна. Үүнд голлон нөлөөлж байгаа хүчин зүйлийн тухайд та ямар бодолтой явна вэ?

     -Эдийн засгийн уналт хоёр жилийн өмнөөс эхэлж, одоогийн байдлаар хүнээр ярих юм бол өвчин нь хүндэрч ужгирах, улмаар сэхээн амьдруулах тасагт очих хэмжээнд хүрчихээд байна. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар бараг 40 хувиар буурч, тэр хэрээр бизнесийн салбарынхны хөрөнгө мөнгө, иргэдийн хадгаламж үнэгүйдэж байгаагаар илэрч байна. Дээрх байдал нь татварын орлогын 80-90 хувийг бүрдүүлдэг бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн итгэлийг алдруулж байгаа юм. Олон жил улс орноо зөв удирдан чиглүүлж чадахгүй мөртлөө сонгуулиас сонгуулийн хооронд эрх мэдэлтэй болох гэж бэлэн мөнгө, халамж амлаж, түүнийгээ биелүүлэхээр улс орны сан хөмрөг, ирээдүйд олох орлогоо урьдчилж аваад тараачихсан явдал нь эдийн засгийг ийм хүндрэлтэй байдалд оруулчихлаа. Товчхондоо, бизнесийн орчин таагүй, ажил олгогч бизнес эрхлэгчдийн сэтгэл санаа гутранги, сайнгүй ийм л нөхцөл байдалтай байна. Сүүлийн хоёр жилд жижиг, дунд, том аль ч зэрэглэлийн аж ахуйн нэгж 20-30 хувийн цомхотгол хийсэн гэж би ойлгож байгаа. Энэ хүнд байдлаас төр засаг нь хувийн хэвшил, ажил олгогч, татвар төлөгчидийн саналыг сайн сонссод аль болох богино хямралаас хугацаанд бага хохиролтойгоор гармаар байна. Үүнд ойртоход тус дөхөм болох нэг гарц нь УИХ дээр яригдаж байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл юм гэж харж байна. Магадгүй, энэ Засгийн газрын хийсэн гэрэл гэгээтэй ажлуудаас нэрлээч гэвэл дээрх хууль байж болох юм. Хэрвээ батлагдвал шүү дээ.

     -Энэ хуулиудын төсөл өнгөрсөн онд өргөн баригдаж байсан байх аа?

     -Өнгөрсөн оны долдугаар сард өргөн барьсан боловч нэг хэссэг нь улстөржүүлээд явуулаагүй л дээ. Уг нь татвар, улс орны эдийн засагтай холбоотой иймэрхүү хуулийн төслийг маш шуурхай хэлэлцэж, засч сайжруулаад богино хугацаанд баталдаг олон улсын практик байдаг юм билээ. Энэ жишгээр дээрх хуулийн төслийг хэлэлцээд баталчихвал ажил олгогчид төдийгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ч сайн дохио болох юм. Түүнээс гадна улс төрийн гол нам хүчнүүд засагт хамтарч байгаа учраас нэгэндээ тавих гох дэгээ нь гайгүй болж, одоо л нэг шийдвэр гарах нь гэсэн хүлээлт бизнес эрхлэгчдэд үүсээд байна.

     -Өршөөлийн гэх тодотголоос нь хараад манайхны олонхи нь, магадгүй хууль тогтоогчдын  зарим нь хэдэн том олигархи нөхдөд   өршөөл үзүүлээд нууж хаасан хөрөнгө зоорийг нь зүгээр үлдээчих гэж байгаа юм шиг ойлгоод байх шиг. Миний санахад бизнес эрхлэгчдийг нэг гараанд аваачих гэсэн л санаа юм биш үү?

     -Тантай санал нэг байна. Аливаа хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Өмнөх (2007 оны) хууль томоохон компани, мэдээлэлд ойрхон хүмүүст илүү хүрч үйлчилсэн явдал бий. Энэ нь хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас гаргаж өгөхгүй удсан, сонгуулийн өмнөхөн хоёр сар гаруйхны хугацаанд хэрэгжсэн, тухайн үед янз бүрийн мэдээлэл, тайлбар явагдсан гээд олон шалтгааны улмаас нийтийг хамарч чадаагүй юм. Хамаг юмаа дэлгээд тавьчихаар дараагийн Засгийн газар нь гарч ирээд асуудалд орчих ч юм болов уу гэсэн болгоомжлол нэг хэсэгт нь төрсөн болтой юм билээ. Тийм ч учраас Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар нийт аж ахуйн нэгжийн хоёр хувь нь л тэр Өршөөлийн хуульд хамрагдсан гэх тоон үзүүлэлт гарсан байсан. 1000 гаруйхан компани гэсэн үг. Тийм болохоор энэ удаа хүлээлт үүссэн дээр нь хуулиа баталж, зөв замаар хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Хуулийн төслийг харж судалж байхад дутуу дулимаг хийсэн зүйл харагдаж л байна билээ. Энэ талаар бид ажлын хэсэгт хандахаар бэлтгэж байгаа.

     -Зайлшгүй байх шаардлагатай, орхигдсон зүйлийн талаар ганц нэг жишээ баримт хэлнэ үү?

    -Тухайлбал, энэ хуулийн төслөөр Эрүүгийн болон Захиргааны хэргийн шатанд хүрчихсэн татварын асуудлыг хариуцлагаас чөлөөлөх юм шиг заалт байна. Үүнээс харахад ял шийтгэл авах хүмүүсийг л чөлөөлөх, өршөөх юм байна гэж уншигдаад байгаа тал бий. Тэгтэл Татварын тухай хуулийн 74-ийн 1.2.3 дугаар заалтад татвар ногдох орлогоо нуун дарагдуулсан, санаатай болон санамсаргүй байдлаар буруу ташаа мэдээлсэн бол татварыг нь нөхөн төлүүлэхээс гадна 30 хүртэлх хувийн алданги тооцох бөгөөд дээр нь торгууль ногдуулахаар хуульчилсан байдаг. Ийм акт тавиулчихсан иргэн, аж ахуйн нэгж одоо ч маш олноороо байгаа. Энэ бол үнэхээр дааж давшгүй дарамт учруулж байна. Тийм зовлонгоос нь ангижруулах юм байна гээд хүсэн хүлээж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нийт ажил олгогчдын 90 хувь нь болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Тэр хүмүүст энэ батлах гээд байгаа хуулийн төсөл үйлчлэхгүй юм шиг харагдаж байгааг анхаарах л хэрэгтэй. Тийм болохоор нэгэнт өршөөж л байгаа юм бол эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох, иргэний шүүхэд байгаа татварын маргаантай асуудлыг ч хамруулах учиртай юм. Ингэж байж хуулийн агуулга, мөн чанар, ач холбогдол жинхэнэ утгаараа хэрэгжих болно.

    -Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл батлагдаж хэрэгжвэл хэнд ямар хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлт, өршөөл үзүүлэв гэдгээ ил тод мэдээлэх ёстой гэж зарим ТББ-аас шаардаж байгаа. нөгөө нэг нь компанийн бизнесийн нууц, хувь хүний эдийн засгийн эрх чөлөөнд халдаж болохгүй гэсэн санаа илэрхийлж байна. Та энэ тухайд ямар бодолтой байгаа вэ?

     -Тухайн иргэн, аж ахуйн нэгж нэгэнт бүх юмаа тайлагнаж, ил тод болгосноор Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм чинь хэрэгтэй гэж үзвэл мэдээлнэ л биз дээ. Түүнд нэг их эмзэглээд ач холбогдол өгч нууцлаад байх юм байхгүй гэж бодож байна. Харин яах гэж дэлгэх, нийтэд мэдээлэх гээд байгаа нь сонин л юм.

    -2007 оны Татварын өршөөлийн хуулиар дөрвөн тэрбум төгрөг ил болсон гэж ярьдаг. Одоо ийм хуулийн төслийг баталчихвал хэдий хэрийн хөрөнгө гэрэлд гарах бол?

     -Манай улсын далд эдийн засаг ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байна гэж гадаад, дотоодын судалгааны байгууллагууд тооцсон байдаг. Өнөөдөр манай ДНБ 20-иод их наяд төгрөг гэж бодвол 6-8 их наяд төгрөгийн далд эдийн засаг байна гэсэн үг. Түүний хэд нь ил гарахыг хэлж мэдэхгүй байна.

    -Далд эдийн засгийг ил болгохдоо татвар ногдох бүх орлогыг нь хурааж яв зэмээс хэлтрүүлэх ч юмуу түүнийх нь 10 хувийг улсын орлого болгох гээд янз бүрийн л хэлбэрээр хэрэгжүүлсэн байдаг юм билээ, бусад оронд. Манайд яах ёстой юм бэ?

     -Хуулийн төсөлд зааснаар ажил олгогч ажилтан, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байвал нөхөн төлүүлэхээр байгаа. Өмнөх хуулиар үүнээс ч чөлөөлөхөөр заалт байсан ч Цэц дээр очоод унасан байдаг. Тэгэхээр ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх нь зөв. Энэ нь хаа хаанаа хэрэгтэй. Цаашлаад Татварын багц хуулийг боловсронгуй болгох боломж нөхцөл, шаардлага зэргийг олж харах бололцоо нээгдэнэ гэж харж байна.

     Манай татварын тогтолцоо, хяналт шалгалт нь буруу байгаа учраас аж ахуйн нэгж хоёр тайлантай, далд эдийн засаг цэнэглэсэн байдалтай байгаад байна. Тийм ч болохоор Эдийн засгийн өршөөлийн хууль ойр ойрхон гардаг болчихсон, түүнийг хүлээдэг хэсэг бүлэг ч төрөөд байгаа юм биш үү гэж бодогддог. Ер нь одоо хэлэлцэж байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудын төслийг баталж хэрэгжүүлсний дараа Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт хийх талаар ярих ёстой гэсэн байр суурьтай байна.

                                                    2015он 02сарын 05ны өдөр

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.